Ази, Номхон далайн орнуудын шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо

Posted by @admin@

Ази, Номхон далайн орнуудын шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн хурал2012 оны 5-р сарын 14-18-нд Хонконгод зохиогдлоо. Монголын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ энэхүү хуралд Монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Хурлаар бүс нутгийн шуудангийн үйлчилгээний зах зээлийн талаар санал солилцох, Дохад зохиогдох Шуудангийн ерөнхий холбооны 25-р конгресст бүс нутгаас дэвшүүлэх саналыг боловсруулж нэгтгэх, сонгуульд нэр дэвшүүлэх болон шуудангийн харилцааны техник технологийн зарим асуудлуудыг хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн 2011 оны хурал Улаанбаатар хотод зохиогдсон бөгөөд бүс нутгийн шуудангийн харилцаанд Монголын Засгийн газраас ач холбогдол өгч, өндөр хэмжээнд зохион байгуулсныг хуралд оролцогчид онцлон тэмдэглэж, уулзах бүрд иш татаж байсан нь Монголын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол Улсад хандуулсан ач холбогдолтой арга хэмжээ болсныг илэрхийлж байна.

Монголын Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ 2012 оны 5-р сарын 18-нд БНХАУ-ын Хонконг ЗЗОБ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Хонконгийн Засгийн газрын мэдээллийн газрын дарга Даниэль Лай-тай уулзах үеэр хонконгийн тал мэдээлэл, харилцааны технологийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин, дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлж төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгож ирсэн туршлага болон эдүгээ хэрэгжүүлж буй “Дижитал 21” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Хонконгийн төрийн мэдлийн мэдээллийн зарим хэсгийг технологийн компаниудад нээлттэй болгосноор гар утасны 18 програм хангамж бүтээгдэж, цаашдаа мэдээллийн үйлчилгээний салбарыг хөгжихөд томоохон түлхэц болсныг энд дурдаж болно. Мөн цаг агаар, нисэх буудлын нисэх-буух хуваарь, авто замын хөдөлгөөний мэдээллийг телевизийн тусгай сувгаар байнга нэвтрүүлж байгаа нь олон нийтийн өргөн хэрэглэдэг энгийн үйлчилгээ болоод удаж байна.

Хонконгийн ҮНДБ-ний 90 гаруй хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт мэдээллийн технологийн дэвшилтэт ололтуудыг нэвтрүүлж чадсан явдал өнөөгийн хөгжлийн үндэс суурь, чухал хөшүүрэг болдог аж. Хонконгийн хөдөлмөр эрхэлж буй нийт хүн амын 4%-ийг төрийн албан хаагчид эзэлдэг бөгөөд цомхон бүтэцтэй төрийн байгууллагууд цахим засаглалаар дамжуулан нийт иргэддээ мэдээлэл, иж бүрэн цогц үйлчилгээг хүргүүлэх чиглэлээр Азидаа тэргүүлэх хэмжээнд хүрчээ.

Хонконгийн Засгийн газрын нэгдсэн мэдээллийн сан, вэб порталын бүтэц, цахим худалдаа, иргэдийн бүртгэл, хууль журам, лавлагаа, татвар төлөлт зэрэг Монголын нийгэмд сонирхолтой үйлчилгээний талаар Ж.Бат-Эрдэнэ дарга санал солилцож цаашид Хонконгийн талтай харилцан айлчлал хэрэгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр туршлага солилцох, үр бүтээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдэв.
Хонконг ЗЗОБ-ийн хууль тогтоох зөвлөл (парламент)-ийн гишүүн, Мэдээллийн технологийн байнгын хорооны дарга Самсон Там МШХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзав. Уулзалтаар мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлого, стратеги, хууль эрхзүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

МШХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнийн айлчлал Монгол, Хонконгийн хооронд мэдээлэл харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэхэд чухал ахиц гаргалаа.

Хариулт үлдээх